Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), НҮБ-н Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) техникийн туслалцаа үзүүлэх гэрээнд 2020 оны 6-дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд Монгол улсад мал эмнэлгийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнийг чадавхижуулах, мал амьтны эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд техникийн болон мэргэжлийн арга зүйгээр дэмжлэг үзүүлэх ажлууд багтсан юм.

Монгол улсын мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сонгосон бүс нутгуудад хил дамжин халдварлах өвчингүй бүсийг бий болгоход хувь нэмэр оруулахад төслийн зорилго оршино.

Тус төслийн хүрээнд Монголын улсын мал эмнэлгийн салбарын эрсдэлийн үнэлгээ, лабораторийн оношилгоо, дахин сэргэж буй өвчний эсрэг авах хариу арга хэмжээ болон бэлэн байдлын төлөвлөгөө зэргийг олон улсын стандартад нийцүүлэн бэхжүүлэх ажлууд төлөвлөгдсөн. Үүнээс гадна малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор малын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйлчилгээнд анхаарал хандуулж, малчдын мал маллагааны менежментийг сайжруулахаар зорьж байна.