Мал Эмнэлгийн Ерөнхий газартай хамтран “Багийн өдөрлөг”-ийг зохион байгуулав

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлийг нэмэгдүүлэх төсөл (МАА-н ЭЗЭН) нь 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэх, 2023 онд төлөвлөсөн ажлаа уялдуулах зорилгоор Мал Эмнэлгийн Ерөнхий газартай (МЭЕГ) хамтран “Багийн өдөрлөг”-ийг зохион байгуулав. МАА-н ЭЗЭН төслийн “Малын эрүүл мэнд” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд МЭЕГ-тай мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах ажилд нэг баг болон ажилдаг билээ. Албан бус уулзалт хэлбэрээр зохион байгуулагдсан тус арга хэмжээний үеэр МАА-н ЭЗЭН төсөл болон МЭЕГ хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагаанууд, гарсан үр дүн, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Тус арга хэмжээний үеэр МАА-н ЭЗЭН төслийн зөвлөхүүд доорх сэдвүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа тус бүрээр танилцуулга хийж, төслийн дэмжлэгтэйгээр хийгдэж буй үйл ажиллагааг цаашид хэрхэн тогтвортой байдлыг хангах талаар МЭЕГ-ын мэргэжилтнүүдтэй  санал солилцлоо. Үүнд:

  • МАА-н ЭЗЭН төслийн ерөнхий танилцуулга;
  • Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг дэмжих хөтөлбөр;
  • Мал эмнэлгийн хүний нөөцийн удирдлага, хөгжлийн систем;
  • Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт;
  • Нэг эрүүл мэнд;
  • Тандалтын нэгдсэн тогтолцоо; Мал эмнэлгийн нэгдсэн системийн өргөтгөл; Хөрөнгө оруулалт;
  • Эрсдэлийн мэдээлэл, харилцаа;
  • Мал эмнэлгийн лабораторийн сургалт үнэлгээ, хөрөнгө оруулалт

МАА-н ЭЗЭН төсөл нь 2023 онд МЭЕГ-тай хамтран төлөвлөсөн үйл ажиллагаануудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд дээрх арга хэмжээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд чухал үр дүнтэй арга хэмжээ боллоо.