Сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-н ЭЗЭН) төсөл нь Мал Эмнэлгийн Ерөнхий Газартай хамтран “Сургагч багш бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь “Малын эмч, мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт”-ын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.    

Тус сургагч багш бэлтгэх сургалтад мал эмнэлгийн салбарт боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд хамрагдаж байна. Уг сургалтын дараа сургалтад хамрагдсан хүмүүс нь  малын эмч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Малын эмч, мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт”-ын хөтөлбөр боловсруулах юм.     

Энэхүү сургалт  12 сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2023 оны 1 сарын 03 хүртэл үргэлжилнэ. Сургалтаар насанд хүрэгчдэд хэрхэн мэдлэг олгох, багшлах арга барил, техникийг заах бөгөөд агуулга нь малын эмч нарын мэргэжлийн ур чадварыг хэрхэн сайжруулахад чиглэх юм.    

Сургалтыг “Ганабелл” сургалтын төв хийж байгаа бөгөөд Монгол дахь насанд хүрэгчдэд зориулсан сургалтыг зохион байгуулах чиглэлээр туршлагатай сургалтын төв юм. Сургалтад хамрагдагсад нь 14 хоногийн сургалтын дараа “Сургагч багш” гэрчилгээ авна.  

 Үүнээс гадна МАА-н ЭЗЭН төсөл нь Мал эмнэлгийн Ерөнхий газартай хамтран “Мал эмнэлгийн мэргэжилтний бүртгэлийн систем”-ийг нэвтрүүлж байгаа ба малын эмч, мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтыг тус системээр цахимаар зохион байгуулах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.