МАА-н ЭЗЭН төсөл бүсийн мал эмнэлгийн оношилгооны лабораториудыг шинэчилж байна 

Дэлхийн Банкны санхүүжилттэй  Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл (МАА-н ЭЗЭН) төсөл нь Монгол улсын мал эмнэлгийн лабораторийн сүлжээг үе шаттайгаар сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Тус ажлын хүрээнд энэ сард төслийн баг Ховд, Хэнтий аймгуудын мал эмнэлгийн лабораториудад ажиллаа. Төслийн гэрээт 2 инженер тус лабораториудын ус, цахилгаан болон бохирын шугамыг шинэчлэхэд шаардлагатай засварын ажлын хэрэгцээг үнэлж тогтоолоо. Түүнчлэн био-аюулгүй байдлын нөхцөлийг олон улсын стандартад нийцүүлэхэд хийх шаардлагатай засварыг ажлыг үнэлгээг МАА-н ЭЗЭН төслийн лабораторийн мэргэжилтэн хийж гүйцэтгэлээ.  

Эдгээр лабораториудын барилга нь насжилт өндөр, удаан хугацаанд засвар, шинэчлэл хийгдээгүй тул хөдөлмөр, аюулгүй байдлын наад захын шаардлагыг хангахын тулд нэлээдгүй  засвар, үйлчилгээ авах шаардлагатай.  Тухайлбал, цэвэр болон бохир усны хоолой гэмтсэн, буруу суурилуулсан, лабораториудын шал болон хаалга аюулгүй ажиллагааны шаардлагад нийцэхгүй байна. Энэ үнэлгээнд үндэслэн лабораториудад хийгдэх шаардлагатай засварын ажлын зөвлөмж боловсруулсан. Дараагийн шатанд био-аюулгүй байдлын шаардлага хангасан ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зүгээс дэмжлэг үзүүлж барилгын засвар хийх болон шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах юм.   

“Мал эмнэлгийн лабораторийн үндэсний хөгжүүлэх стратеги”-ийн хүрээнд дээрх хоёр лабораторийг Бүсийн лавлагаа лаборатори болгон үйл ажиллагааг нь өргөжүүлэх шийдвэр гарсан. Хил дамжин халдварладаг өвчнүүдийн дэгдэлтийн улмаас малын гаралтай бүтээгдэхүүний экспорт хязгаарлагдмал байгаа энэ үед бүсийн лабораториудын био-аюулгүй байдлыг сайжруулж мал эмнэлгийн лабораторийн оношилгооны чадавхыг бэхжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой юм. Үүгээр зогсохгүй энэхүү ажил нь хил дамжин халдварладаг өвчнүүдтэй тэмцэхэд ч ихээхэн хувь нэмрээ оруулах юм.