Мал эмнэлгийн тусламжийн утас ажиллаж байна

Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (МАА-ЭЗЭН) төсөл болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-той хамтран Монгол орны хэмжээнд 2022 оны 12- р сараас эхлэн мал, амьтны гоц халдварт өвчний дуудлага хүлээн авах боломжтой “Мал эмнэлгийн тусламжийн утас-7505-6655”-ийг нэвтрүүлэн ажиллуулж байна.

Тус лавлах утсанд малчид, мал аж ахуйн салбарт бизнес эрхэлдэг иргэд холбогдож шүлхий, бог малын мялзан, үхрийн арьс товруутах, хонь, ямааны цэцэг зэрэг гоц халдварт өвчний шинж тэмдэг бүхий дуудлагыг өгөхөөс гадна малын эмчээс мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

2022 оны 12 дугаар сараас үйлчилгээ авч эхэлсэн тусламжийн утсанд одоогийн байдлаар нийт 300 орчим дуудлага ирсэн ба холбогдсон иргэдэд шаардлагатай  мэдээлэл, зөвлөгөөг олгосон байна. 

Сар

Хүлээн авсан хандалтын тоо

Үйлчилгээ үзүүлсэн тоо

12 сар

34

32

1 сар

144

133

2 сар

132

130

Дуудлагын дийлэнх хувийг лавлах үйлчилгээ буюу өвчний халдвар бүртгэгдсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээ, хорио цээр, хязгаарлалтын дэглэм, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг аймаг, сумд, хувийн мал эмнэлгийн утасны дугаар зэргийг асуухаар холбогдож байна.  Түүнчлэн ирүүлсэн дуудлагын 10 орчим хувь нь мал, амьтны гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх зорилгоор холбогдсон байна.

Монгол улсын малчин, мал бүхий иргэд та бүхэн, танай малд гоц халдварт өвчний сэжигтэй тохиолдол бүхий шинж тэмдэг илэрвэл 7505-6655 дугаарт холбогдож малын эмчээс мэргэжлийн зөвлөгөө аваарай.